25/08/2026
2026 оны 08 сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Л.Буддорж, IT инженер Б.Гүнчинсүрэн нар Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, тус газрын Хуримтлалын нэгдсэн сан, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө оруулалтын бодлого, салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэндсүрэн, Хуримтлалын нэрийн данс, тэтгэврийн нөөц сангийн мэдээлэл, бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ундрам, Цахимжилт, их өгөгдлийн хэлтсийн дарга Ц.Сүхбаатар, Санхүү, мэдээллийн технологийн төвийн систем аналист Г.Жаргалмаа нартай уулзлаа.
2024 оны 04 сарын 19-ний өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, тус сангаас зарцуулалт хийх журмыг баталсан.
Уулзалтаар дээрх журамд заасан хуримтлалын нэрийн дансан дахь мөнгөн хөрөнгийг өвлүүлэхтэй холбоотой асуудлыг цахим хэлбэрээр шийдвэрлэх боломжийн талаар санал солилцож, санамж бичиг байгуулан ажиллахаар тогтов. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр хамгааллын яам, Санхүү, мэдээллийн технологийн төв болон Монголын Нотариатчдын танхимын цахим ситемийн мэдээлэл солилцоог уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ