19/03/2019
Хамгийн их ирдэг асуулт. Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох .
Гэрлэлтийг захиргааны эсхүл шүүхийн гэсэн 2 журмаар цуцална.
1. Захиргааны журмаар цулах
Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана.
2.Шүүхийн журмаар гэрлэлт цуцлах
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг гэрлэгчдийн хэн нэг нь шүүхэд гаргах бөгөөд 18 хүртэлх насны хүүхэдтэй бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлдээ тусгана.
Нэхэмжлэлийг 2 хувь бичиж нэхэмжлэлд гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй өрхийн эмчийн тодорхойлолт, ам бүлийн байдлыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаж хариуцагчийн харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргана.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Тэтгэлгийн хэмжээг заасан байдаг.
Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.
Бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшин 2019 оны 01 сарын 1-с хөдөө орон нутагт 185100-194300 төгрөг Улаанбаатар хотод 217900 болж өөрчлөгдсөн. Энэ түвшингээр тэтгэлэг тогтооно гэсэн үг.
Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй. /Үүнийг тэтгэлэгч гаргуулагч, түүний асран хамгаалагч нь цалингийн 50 хувиар тогтооно гэж ойлгох нь бий. Тэтгэлэг олгогчийн сарын цалин 350000 төгрөг байдаг бол 175000 төгрөгөөс хэтэрч болохгүй гэсэн үг/
Тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа
Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:
1.мөнгөн хэлбэрээр;
2.эд хөрөнгөөр.
Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгож болно:
1.сар, улирал, хагас жил, жилээр;
2.нэг удаа бөөнд нь олгох гэсэн зохицуулалттай байдаг.