15/08/2026
Эцэг эхчүүд бид л буруутай
Буруу эрхлүүлсэн хүүхэд эцэг эхээ ихэвчлэн сэтгэл санаа, нэр хүнд, санхүү, хууль эрх зүйн маш хүнд байдалд оруулдаг.
Хүүхдийн хүссэн бүхнийг авч өгөх, буруу үйлдэл бүрийг нь “манай хүүхэд шүү дээ” гэж хаацайлах, хариуцлага хүлээлгэхгүй өсгөх нь эхэндээ хайр мэт харагддаг. Гэвч хүүхэд аажмаар “би хүссэнээ авч болно, миний өмнөөс аав ээж шийднэ, миний хийсэн алдааны хариуцлагыг өөр хүн үүрнэ” гэсэн буруу ойлголттой болж болзошгүй.
Ингэж өссөн хүүхэд томрох тусам шаардлага нь нэмэгдэж, эцэг эхийн үгийг үл тоох, мөнгө нэхэх, худал хэлэх, буруу найз нөхдийн нөлөөнд орох, архи мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, танхайрал, замын хөдөлгөөний зөрчил, цаашлаад гэмт хэрэгт холбогдох эрсдэл нэмэгдэнэ. Тэр үед хамгийн түрүүнд цагдаа, шүүх, эмнэлэг, хохирлын төлбөр, өмгөөлөгчийн зардлын хаалга татаж явдаг хүн нь ихэнхдээ эцэг эх өөрсдөө байдаг.
Хүүхдээ хайрлана гэдэг хүссэн бүхнийг нь өгөхийг хэлдэггүй. Харин “үгүй” гэсэн хариуг хүлээж авах чадвар, хөдөлмөрийн үнэ цэнэ, бусдын эрхийг хүндэтгэх, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх, алдаагаа өөрөө засах чадвар суулгахыг хэлнэ.
Миний хувьд гэмт хэрэгт холбогдсон хүүхэд, залуустай ажиллахдаа нэг зүйлийг байнга хардаг: хүүхдийн буруу үйлдэл нэг өдөр гэнэт бий болчихдоггүй. Олон тохиолдолд түүний суурь нь олон жилийн өмнө гэр бүлийн харилцаа, хэт эрхлүүлэлт, хэт дарамт, үл хайхралын аль нэг хэлбэрээр тавигдсан байдаг.
Хүүхдийнхээ өмнөх бүх саадыг арилгаж өгөхөөс илүү, саадыг өөрөө давж сурахад нь туслаарай. Хүүхдийнхээ бүх алдааг хаацайлахаас илүү, алдааныхаа хариуцлагыг үүрч сурахад нь туслаарай.
Ингэж чадвал бид хүүхдээ зөвхөн хэрэг төвөгт орохоос хамгаалаад зогсохгүй, өөрийн амьдралаа өөрөө авч явдаг, хүнийг хайрладаг, хууль хүндэтгэдэг, бие даасан хүн болгож өсгөнө.