10/09/2026
Найзыгаа хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, 15 жил алуурчин нэр зүүгээд, эцэст нь цагаадсан. Гэхдээ энэ бүхний дараа надад юу ч үлдээгүй, аав, ээж ч, амьдрал ч тэр.
2005 он.
...Ажлынхантайгаа цэргийн баяр тэмдэглэсэн. Маргааш нь ажилдаа очтол баахан цагдаа ирчихсэн надаас “Б-г таних уу. Та хоёр хамгийн сүүлд хэдэн цагийн үед салсан бэ” гээд асууж, шалгааж эхэлсэн. Удалгүй гав зүүж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар руу намайг аваад явлаа. Найзыгаа амиа алдсаныг сонсох, тэгээд бүр тийм аймшигт хэрэг өөрийгөө үйлдсэн гэж тулгуулах хэчнээн аймшигтай байсан гэж санана. “Чи Б-ийн аминд хүрсэн байна” гээд хоёр цагдаа тулгаж асууж, дарамталж эхэлсэн. Мэдүүлэг авахдаа хөтөлж, тулгаж, зодож, дарамталж, яг л алуурчинтай харилцаж байгаа юм шиг байдаг байлаа. Эхний мэдүүлэгтээ “Би тийм хэрэг хийгээгүй. Би найзтайгаа дахиж уулзаагүй” гэж мэдүүлсэн. Хоёр дахь удаа мэдүүлэг авах өглөө төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй эгчийг минь зэргэлдээх камерт хорьчихсон байлаа. Цагдаа нар “Хэргээ хүлээхгүй бол эгч чинь ял авна. Дараа нь аав, ээжийг чинь хорино” гэж сүрдүүлж, зодож, эрүүдэн шүүж эхэллээ. Хилсээр өөрөө ачигдаад ирчихсэн, дээрээс нь эгч минь камерт уйлаад сууж байдаг, дараа нь аав, ээжийг минь хорино гэдэг төсөөлж ч чадахгүй зүйл. Найз минь үхсэн нь ч сонин биш, тэндээс л гарах чухал санагдаж байсан.
Цагдаа “Талийгаач та хоёр тэр цэнгээний газар хамт байсан. Хэдэн цагийн үед гарсан бэ. 23:00 цагийн үед гарсан уу” гэхэд нь “Тийм ээ, 23:00 цаг” гэж өөрийнхөө гарсан цагийг хэлэхэд л би буруудаад явчихдаг юм билээ. Ингэж тулгаж, гөрдөж асууж, хариулсаар нэг л мэдэхэд би “хэргээ хүлээсэн” болж, хорих анги руу ачигдлаа. Гэхдээ олон хоног өлсгөлөнгийн байдалтай хоригдсон, дээрээс нь эгчийгээ хөхнийх нь сүү татраагүй, энгэр нь норчихсон, нулимс нь хатаж байгааг харах нүд халтирмаар байсан учраас энэ нь надад илүү амар санагдсан. Эгчийг минь гурав хоноод сулласан юм билээ. Тэр үед одоогийн шиг хууль, дүрэм чанга байгаагүй, хүний эрх ноцтой зөрчигддөг байсан нь тодорхой байгаа биз. Прокурорын зөвшөөрөлгүй, “Дүү гэртээ ирж хоносон” гэж худал мэдүүллээ гээд л эгчийг хорьчихсон байгаа юм даа. Яах вэ, манайх ядуу тарчиг айл учраас хэрэг тохоод явуулахад хэн ч заргалдахгүй л гэж бодсон байх.
Шүүх хурал товлогдлоо. Ээж минь хөөцөлдсөөр М.Хувцагаан гээд өмгөөлөгчтэй уулзаж, намайг өмгөөлүүлэхээр болсон. Өгсөн хоёр мэдүүлэг маань зөрүүтэй, нэг нь хийгээгүй, нөгөөх нь хийсэн гээд мэдүүлчихсэн. Мэдээж хийсэн гэдгээр нь л намайг яллах гэж үзнэ шүү. Гэхдээ би хэрэг хийгээгүй учраас надад ял өгөхгүй гэж итгэж байлаа. Хүн төсөөлдөггүй юм байна лээ. Өмгөөлөгч маань надаас “Чи яг яасан юм бэ” гэж нухацтай хэрнээ аргадангуй асуухад нь “Би тийм хэрэг хийгээгүй” гэж хэлээд л асгартлаа уйлчихсан. Хэдийгээр эр хүн, эрийн цээнд хүрчихсэн ч гэсэн 23 нас гэдэг нь “жаахан” шүү дээ.
Шүүх алх цохилоо. “Шүүгдэгч Загдраднаа овогтой Гантулгыг хүний амийг онц хэрцгийгээр, санаатай хөнөөсөн гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноолоо” гэв. Шүүх танхимд ээж минь ухаан алдаж унаад, гэрийнхэн минь уйлалдаад явчихсан. Би юу болоод байгааг ч ойлгохгүй ачигдаад явлаа. Тэр үедээ ялын дээд хэмжээ гэхээр цаазын ял гэж ойлгоогүй. Өөрийн ухаангүй байсан санагддаг. Гурван шатны шүүх ялыг хэвээр үлдээж, намайг цаазлахаар болсон. Би ерөөсөө үхлээ хүлээсэн хүн болж хувирсан. Нотлох баримтгүй, зөвхөн намайг талийгаачтай найз, тэр өдөр хамт байсан гэдгээр нь хэрэг тохож, ял тулгасан. Талийгаач I хорооллын арын дэнжийн жалганаас олдсон гэсэн. Олдохдоо цээж нүцгэн, цээжин дээр нь том гутлын мөр гарсан, гартаа үс атгасан, зодуулаад, хамаг бие нь хөх няц болчихсон байсан гэсэн. Цээжнийх нь гутлын мөр, гартаа атгасан үсийг нь шинжлэхээр минийхтэй тохирохгүй байгаад байдаг. Тэгсэн хэрнээ “З.Гантулга хэргээ хүлээсэн. Хамт бааранд орж, гарсан нь тогтоогдсон. Танилцсан эмэгтэйгээсээ болж маргалдаж, найзынхаа аминд хүрсэн” гээд дүгнэлт гаргачихсан.
Улсын дээд шүүх “Нотлох баримт хангалтгүй байна” гэж үзээд хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Цаазаас арайхийн аврагдаж, уужирлаа. Хорих ангиас суллагдаж, дахиад мэдүүлэг, байцаалт эхэлсэн. Ажил ч хийж болохгүй, амьдралаа ч бодож болохгүй, цагдаагийн хаалганы өмнө уяатай нохой болсон. Ингэхдээ ганцаараа явж чадахгүй, төрсөн эгчийгээ хань татаад аваад явна. Цагдаагийнхан 09:00 цагт ир гэчихээд 10:00 цагийн үед “Та нар ирчихсэн үү, байж бай, хүлээж бай” гэнэ. Энэ үгээ 16:00 цагийн үед ч хэлсээр байгаад “Маргааш цагтаа ир” гэдэг байлаа. Өөрийнхөө амьдралыг үрээд зогсохгүй эгчийнхээ амьдралыг ч 15 жил хөлдөө чирсэн. Анхан шатны шүүх хурал болж, дахиад надад ялын дээд хэмжээ оноож, алх цохилоо. Амьдрал дахиад л зогсож байгаа мэт. Аав минь хүүгээ хоёр дахь удаагаа цаазын ял сонсоход нь шүүх танхимаас гарч яваад, автобусны буудал дээр харваж, зүрх нь зогссон байсан. Эмнэлгийн тусламж авч чадалгүй бурхны орныг зорьсон юм билээ. Хорих ангийн байранд очсон хойно энэ мэдээг сонссон. Давж заалдах шатны шүүх цаазын ялыг бууруулж, 25 жилийн хорих ял оноолоо. Дараагийн шүүх нь ч ялгаагүй 25 жил, ингэж явсаар дахиад л Улсын дээд шүүхээс буцсан. Шүүхээс шүүхийн хооронд би хоёр жил гаруй хугацаанд хоригдсон. Хорих ангид хуурай өлсгөлөн зарлаж, өөрийнхөө төлөө тэмцэе гэж бодсон. Яг үнэндээ би тэр үед үхвэл үхье гэж шийдсэн.
Гэрийнхэн минь хилс хэргээс мултлахын тулд хүнээс хүүтэй мөнгө зээлж өмгөөллийн мөнгө, бусад зардалд зарцуулсан. Сүүлдээ гэр орноо хүртэл зарж, зүдрүүхэн амьдрал тартагтаа тулсан. Дүү минь миний хэрэгт зарцуулагдсан өрийг дарахын тулд БНСУ-ыг 2006 онд зорьсон. Харамсалтай нь, дараа жил нь бөөрний дутагдлаар хүний нутагт амьсгал хураасан. Би гэж хувьгүй амьтан аавыгаа, дүүгээ алсан гэсэн үг шүү дээ. Хэрэв би тийм хэрэгт холбогдоогүй, хилс хэрэгт унаагүй байсан бол тэнд минь өнөөдөр ч амьд байх байлаа. Ер нь би гэрийнхэндээ үхлээс гадна өчнөөн гай тарьсан. Хүүгээсээ болоод хүний нүүр эгцэлж, мэнд мэдэж ч чадахгүй амьдарна гэдэг там биз дээ.
Дахиад л өнөөх хилс хэрэг чинь мөрдөн байцаалтын шатанд шилжиж, шалгаж байгаа нэртэй сунжирлаа. Хэдийгээр би хоёр жил гаруй хугацаанд хоригдож, суллагдаж, батлан даалтад гарсан ч цагдаагийн үүдэнд цагийн ажилтан шиг байдаг хэвээрээ. Ийм л замаар 15 жилийг туулсан. Миний амьдралдаа 15 жил мэдэрсэн шархиралт, харуусал, цөхрөлийг гэрийнхнээс минь өөр хэн ч мэдэхгүй.
2020 он.
23 настай залуугийн гал цог 15 жилтэй минь хамт хийсэн оджээ. Би тэр 15 жилийн хугацаанд их цөхөрсөн. Хавирга нь хэрзийж, хүний өөдөөс харж чадахгүй дальдачсан, гэмгүй ч гэмтэн шиг, сэтгэхүй нь алуурчин, ялтан шиг, үхлээ хүлээсэн, эсвэл хорих ангид очихдоо бэлдсэн, амьдрах итгэлгүй, сонирхолгүй 38 настай эр болсон би. Угтаа 38 нас гэдэг чинь гэр бүлтэй, тогтсон амьдралтай, орох оронтой, үнэрлэх үртэй, үнсүүлэх ээж, аавтай жигдэрч явах сайхан нас шүү дээ.
Шүүх хурал товлогдлоо. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. Өмгөөлөгч минь миний төлөө мөн ч их зүтгэсэн. Байж болох бүх л боломжийг эрэлхийлж, шүүх хуралд цагаатгуулах хүсэлтэй оролцсон. Шүүх хянан хэлэлцээд, “Гэмт хэргийн шинжгүй” гээд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол уншлаа. Яг шинээр төрж байгаа юм шиг, эсвэл хамаг зовлонгоо угаачихсан юм шиг санагдаж, ямар уртаар амьсгаа авсан гэж санана. Хэчнээн баяртай байснаа хэлэх, илэрхийлэх үг дутаад байна. Ээж минь л их жаргалтай байсан сан. Тэр өдрийг бид 15 жил долоон сар хүлээсэн шүү дээ. Хэдийгээр миний амьдрал 15 жилээр ухрахгүй ч би хүлээтэй дөнгөнөөс тэгж салсан. Ингэж л би цаазаас цагаатгалын тогтоол уншуулсан. Хилс хэргийн хар шуурга надаар л дуусаасай...
2023 он.
Найзыг минь хөнөөсөн этгээд ч олдоогүй. Хэргийг нь буруу шалгаж, хугацаа алдсан юм чинь яаж ч олдох билээ дээ. Гэхдээ бид гэмгүй сайхан нөхөрлөж, бусдын адил залуу насныхаа түүхийг бүтээлцэж явлаа. Сайхан, муухай бүх л дурсамжинд хамт “уягдаж”, хорвоогийн хоёр туйлд нэг нэгийгээ санаж байгаа гэдэгт итгэдэг.
Би 41 настай. Хилс хэргийн хар толбо амьдралыг минь бүхэлд нь бүрхжээ. Монгол Улсын прокурор, шүүхийнхэн миний 15 жилийн амьдралаар тоглосныхоо төлөөсөнд надад 50 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр өгсөн. 15 жил надаас салаагүй, миний төлөө үсээ цайтал, үр хүүхдээ умартан байж зүтгэж, хэрэг хийчихсэн юм шиг цагдаагийн хаалга сахиж суусан эгч минь одоо дөрвөн хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа. Харин ижий минь хүүгийнхээ төлөө явсаар эцэстээ хавдраар өвчилж, намайг цагаадсаны дараахан бурхан болсон. Би туршлага байхгүй ч найзынхаа компанид явган хүний замын хавтан шахагчаар ажилд орсон. Одоо надад ээж, аав, эхнэр, хүүхдийн аль нь ч алга. Би хүүхэдтэй болох боломжгүй болсон. Хоригдохдоо зодуулж, хорих ангийн хүйтэн цементэн дээр өлсгөлөн зарлаж явсны үр дүнд үргүй болсон байна гэсэн. Ийм л тавиланг би туулж явна. Монголын төр битгий мартаасай, 23-хан настай, хүсэл мөрөөдөл дүүрэн хүүг 38 настай, айдас, түгшүүртэй, сэтгэл санааны гүн хямралтай залуу болгож, “там”-ын ангал руу “унагасан” гэдгээ.
Эх сурвалж: Эргэлт.мн
https://ergelt.mn/news/22/single/41845