15/08/2026
Манай улс хөгждөггүй үндсэн шалтгааны нэгийг ойрын хэд хоногт болсон аймаг, сумын тэгш ой, эрийн гурван наадамд амжилт гаргасан бөх, харваачид / сур, шагай /, уяачдын мялаалга наадмуудаас харж мэдлээ. Манайх нутаг дэвсгэрийн хувьд хэт жижгэрч, салж, бүх юман дээр өөр хоорондоо өрсөлдөх болсон, ямар ч зүйл дээр бие биенээсээ давах гэсэн арчаагүй үзэлд автсанаас болж,хөгжилд тушаа болсон байна. Сумуудын ой тэмдэглэж байгааг харахад сумын төвөөсөө том стадионтой болсон юм байна. Дорноговь зэрэг зарим аймагт тэр стадионых нь зөвхөн асарт нь багтахаар хүн л цугларсан харагдах юм. Сумын төв нь элсэн давхарга, цагаан шороо ,шаварт дарагдсан ногоорч харагдах нь тэндэх хэдэн байшингийн ногоон дээврээс өөр зүйлгүй байж, өчнөөн мод, бут тарих, зүлэгжүүлж болох мөнгөөр тэр том стадионоо хятадын хиймэл ногоон зүлгээр өвч бүрчихэж. Тэр том стадионоо жилд хэдэн өдөр хэрэглэдэг вэ, жил бүрийн засвар үйлчилгээнд хэдий хирийн зардал гардаг юм бол. За тэгээд ой тэмдэглэх мялаалгын гол чимэг нь шагнал, урамшууллын хэмжээгээрээ давж гарах юм. Ядуухан хөгжилтэй сум хүртэл ландын мөнгө цуглуулаад л гардуулах юм. Уг нь тэр ландын мөнгөөр чинь хэдэн аятайхан боловсон жорлон ч болов баричихвал хөгжилд нэмэртэй баймаар. Одоо бөх, сур шагай, уяачид нь бай мөрийндөө барицаж эхлэх бололтой. Энэ бүгд бол ямар ч байсан хөгжилд тус болохгүй санагдана.