07/07/2026
Ц.УРАНЧИМЭГ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ
БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэгтэй тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг нь эвдэлгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярилцлаа.
Монгол Улс “COP 17”-аар дамжуулж дэлхийд ямар “мессеж” өгөх вэ? Энэ арга хэмжээнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?
Монгол Улсад НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдах гэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Бид COP17-оор дамжуулан цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий орны хувьд байгаль хамгаалал, бэлчээрийн тогтвортой менежмент, нутгийн иргэдийн оролцоо, экосистемийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр манлайлан ажиллаж байгаагаа харуулахыг зорьж байна. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиа шинэчлэн баталснаар нийт газар нутгийн гучаас доошгүй хувийг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, байгаль хамгааллын чиглэлээр манлайлагч байр сууриа бататгаж чадна.
ТХГН-ын тухай хуульд “гар хүрэлгүй” 32 жил болжээ. Одоо шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа юм байна. Энэ төсөлд тусгасан гол өөрчлөлтүүд нь юу юм бол?
Шинэчилсэн найруулгын гол өөрчлөлт нь ТХГН-ийг зөвхөн хамгаалалтад авсан газар гэж харахаас илүүтэйгээр шинжлэх ухаанд суурилсан, үр дүнд чиглэсэн, тогтвортой санхүүжилттэй, нутгийн иргэдийн оролцоотойгоор менежмент хийдэг тогтолцоо болгон шинэчлэхэд чиглэж байгаа.
Мөн экологийн даац, экосистемийн үйлчилгээ, мэдээллийн цахим систем, хамтын менежмент, нэмэлт орлогын эх үүсвэр зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгасан.
Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 21 орчим хувийг тусгай хамгаалалтад аваад буй. Гэтэл Биологийн олон янз байдлын дэлхийн хүрээ баримт бичгийн дагуу 2030 он гэхэд энэ хэмжээг 30 хувьд хүргэх ёстой байгаа…?
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт газар нутгийнхаа 21 орчим хувийг буюу 120 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид 30 хувьд хүргэхдээ зөвхөн тоо, талбай нэмэхээс гадна биологийн олон янз байдал, экологийн холбоос, усны эх, нүүдлийн амьтдын коридор зэрэг хамгааллын ач холбогдол өндөр газруудыг сонгоно.
Мөн Ойн тухай хууль, Усны тухай хуулиар тогтоогдсон хамгаалалтын зохицуулалт үйлчилдэг бүсүүдийг нэгтгэн бүртгэх замаар 30 хувьд хүрэх зорилтдоо хүрэх боломжтой.
Нэг талдаа хамгаалалттай газар нутгийг тэлэх шаардлага байдаг, нөгөө талдаа малчдын оршихуйг хүндэтгэх хэрэгтэй байдаг. Энэ хоёрыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?
Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахдаа нутгийн иргэдийн эрх, оролцоог хязгаарлаж, уламжлалт мал аж ахуйтай зөрчилдүүлэх бус харин байгалийн нөөцийг зохистой ашиглах хамтын менежментийг дэмжих бодлого барьж байгаа.
Тухайлбал, хуулийн төсөлд уламжлалт мал аж ахуй эрхэлж ирсэн малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газрыг тодорхой нөхцөлтэйгээр ашиглуулах зохицуулалт тусгасан. Энэ нь Кунмин–Монреалын Биологийн олон янз байдлын дэлхийн хүрээ баримт бичигт туссан нутгийн иргэд, уламжлалт мэдлэг эзэмшигчдийн эрхийг хүндэтгэх, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, хамгааллын үр өгөөжийг шударгаар хүртээх зарчимтай нийцэж байгаа юм.
Тэгвэл байгалийг унаган төрхөөр нь хадгалангаа эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломжууд байна вэ?
Тухайн бүс нутагт нэвтрэх хураамжаас эхлээд кемп, хөтөч тайлбарлагчийн үйлчилгээ, эко аяллын бүтээгдэхүүн зэргээс нутгийн иргэд орлого олох боломжтой. Мөн тухайн газрын онцлог экосистем, зэрлэг амьтдыг түшиглэсэн судалгаа, экологийн боловсрол, мониторинг, экосистемийн үйлчилгээ зэргийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжууд бий. Эдгээр үйлчилгээг хамгаалалтын захиргаад ч эрхэлж болно. Үүнийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа экологийн даац, менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын зорилгод нийцсэн байх ёстой.
Дэлхийн бусад орнуудад үндэсний паркууд нь аялал жуулчлалаас асар их орлого олж, өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй, улс, орон нутгийнхаа төсөвт нэмэр болдог. Манай улсад энэ туршлагыг нэвтрүүлэх талаар төлөвлөсөн ажил байгаа юу?
Тийм ээ, хуулийн төсөлд ТХГН-д экологийн даацад нийцсэн байгалийн аялал жуулчлалыг дэмжих, жуулчны тоо, маршрут, отоглох цэг, тээврийн хэрэгсэл, ус ашиглалт, хог хаягдлын ачааллыг зохицуулах заалтууд тусгасан байгаа. Ингэснээр аялал жуулчлалаас олох орлогыг хамгаалалт, нөхөн сэргээлт, судалгаа, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглүүлэх боломж бүрдэх юм.
Байгаль хамгаалал, түүний санхүүжилтийг тогтвортой байлгах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа юм бол?
Улсын болон орон нутгийн төсвийн суурь санхүүжилтийг үр дүнд суурилсан санхүүжилттэй уялдуулах, мөн нэмэлт орлогын эх үүсвэрийг хуульчлах шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Монголын байгалийн өв сан гэсэн гурван байгууллага “Байгаль орчны салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан. Холбогдох суурь судалгаагаа ч хийсэн. Хуулийн төсөлд менежментийн төлөвлөгөөнд суурилсан үр дүнгийн санхүүжилт, нэмэлт орлого, кредит, хандив, олон улсын төсөл, нэвтрэх хураамж зэрэг тогтвортой санхүүжилтийн олон эх үүсвэрийг тусгасан.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэдэн хувийг орон нутагт нь буцаан олгодог вэ? Ер нь энэ төлбөрийг юунд хэрхэн зарцуулдаг юм бол?
Байгалийн нөөц ашигласны төлбөр болон бусад орлогыг байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, хяналт, судалгаа, мониторинг, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад зарцуулах ёстой. Товчхондоо нөөц ашигласан бол хамгаалал, нөхөн сэргээлт хийх нь зайлшгүй шаардлага. Шинэчлэлийн гол санаа нь санхүүжилтийг ил тод, зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.
Танд баярлалаа.